Д.НОМИН-ЭРДЭНЭ охин Дэлхийн шатрын ноён оргилд хүрлээ. Үнэхээр бахархахгүй байхын аргагүй

Д.НОМИН-ЭРДЭНЭ Дэлхийн шатрын ноён оргилд хүрлээ

Монголын шатрын түүх өнөөдөр нэгэн гайхамшигт амжилтаар зузаарлаа. Оюун ухаанаараа монголчууд дэлхийн аль ч үндэстнээс дутахгүй гэдгийг манай оюун ухааны тамирчид харуулдаг. Монголын шатарчдын дундаас ч шатрын эрэгтэй, эмэгтэй Их мастер цөөнгүй төрснийг та бид мэднэ.

Тэгвэл шатарчин охин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болсон нь онцгой юм.


Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар нүүж сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ.

10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 настай Олон Улсын мастер, Эмэгтэйчүүдийн Их мастер цолуудыг хүртэж, энэ цолыг хамгийн залуудаа хүрсэн Монголын эмэгтэй шатарчин болсон билээ.

Тэгвэл өнөөдөр дөнгөж 19-хөн настайдаа Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын хамгийн дээд цолд хүрлээ, үнэхээр гайхамшигтай!

Эмэгтэй шатарчдаас Их мастер цолыг анх ЗХУ-ын домогт шатарчин Нона Гаприндашвили 1978 онд хүртэж байсан бөгөөд өнөөг хүртэл Унгарын алдарт эгч дүү шатарчин Сюзан болон Юдит Полгар, ЗХУ-ын Майя Чибурданизе гэх мэт ердөө 37-хон эмэгтэй шатарчин энэ эрхэм дээд цолд хүрч байжээ.

Дашрамд шатрын ертөнцийн цол, зэргийг эрэмбээр нь сануулахад:

-Их мастер

-Олон Улсын Мастер

-ФИДЕ мастер

-Дэд мастер

-Эмэгтэйчүүдийн Их мастер

-Эмэгтэйчүүдийн Олон Улсын Мастер

-Эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер

-Эмэгтэй дэд мастер

Монголын шатарчдаас төрсөн Их мастерууд:

Их мастер :

Б.Хатанбаатар, Д.Шаравдож, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ

Эмэгтэй Их мастер:

Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул

Олон Улсын Шатрын Холбоо( ФИДЕ) -ны гишүүн 200 шахам орноос хамгийн олон Их мастертай нь ОХУ -255, АНУ-101, БНХАУ-48 эхний гуравт бичигддэг бөгөөд манай Монгол таван их мастертай 57-д бичигдэх ажээ.

Ц.Энхтүвшин . “Таван цагариг”

Шатрын дээд цол “Их мастер”, “Олон улсын мастер” /эр, эм ялгаагүй/-ыг хүртэхдээ 3 /гурав/ удаа болзол биелүүлж, рейтингээ хүргэж ОУШХ /ФИДЕ/-ны цол олгох зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж баталжилсаны дараа хүртдэг.

Шатарчид тэр дундаа эмэгтэйчүүд эхлээд эмэгтэйчүүдийн цолоо хүртдэг. Дараа нь эрэгтэйчүүдийн цол руу мацдаг. Яагаад гэвэл 200 рейтингийн зөрүү бий. Энэ ондоо багтаад эрэгтэй их мастер буюу Grandmaster болчихно гэдэгт итгэлтэй байна. Ингэж чадаж гэмээнэ суут Нона Гаприндишвилигээс /1978 он/ эхлэлтэй 30 гаруй мастеруудын нэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *