Гэртээ анар жимсний мод тарих аргачлал

Үрээ зөв сонгох нь чухал

Та бүрэн боловсорсон улаан анар жимснээс үр гарган авах хэрэгтэй.  Суулгасан үр нь 30-40 хонож байж соёолох тул тэвчээртэй хүлээгээрэй. Хөрсөнд суулгахын өмнө био уусмалд дүрж өгвөл үндэслэх нь хурдан, үндэс нь хүчтэй, саглагар гардаг ба ургамал маань ч чадалтай эрүүл ургадаг. Био идэвхижүүлэгч болох гуматын бордооны шингэн уусмалд (уусмал нь шар айрагнаас бараан өнгөтэй байж болохгүй) 5-6 цаг байлгаад, дараа нь 8-12 цаг усанд дэвтээж өгнө.

Дэвтээх усанд (1 стакан усанд-1 дусал) Эпин эсвэл Циркон (Экстра дэлгүүрт байдаг байх) гэдэг идэвхижүүлэгч олдвол дусаагаарай. Энэ нь соёолжих, ургах явцыг түргэлчлэхээс гадна гол ач холбогдол нь хуурай агаар, гэрэл дутмаг орчинд тэсвэртэй, анхнаасаа эсэргүүцэл сайтаа ургамал гаргадаг юм.

  • Хөрсөө чийгшүүлээд үр хооронд 3-4 см-ийн зайтай 2-3 см-ийн гүнд суулгана. Дээр нь багахан хөрс цацаад хүнсний гялгар уутаар битүүлнэ – чийгээ алдахгүй.
  • Соёолсон үрсэлгээнээс дараа нь сайн ургасаныг нь шилж үлдээнэ.
  • Хөрс нь бага зэрэг хатаад эхлэнгүүт усална. Жигд ургуулахын тулд дээд талын 3-4 навчийг авч байна. Ингэвэл ургамал салбагар ургана.
  • Үрсэлгээний ишний навч хоорондын зай бага байх юм бол энэ сортын мод бутлаг, намхан саглагар ургана гэсэн үг. Ийм сортыг саглагар болгох гэж мөчрүүдийг тайрч танах хэрэггүй. Цаашаа өөрөө л шинэ мөчир хэдэн тийш гаргаад байна.
  • Навчны тоо бага, эсвэл сунасан урт иш нь xэдхэн навчтай бол энэ үрсэлгээнүүдийг шууд хаяж болно.

3-5 сарын дараа ургасан үрсэлгээ нь овоо томроод ирэхлээр болгоомжтой авч үндсэнд наалдсан хөрсийг гөвөлгүйгээр том хэмжээний саванд өрх тусгаарлан суулгана.

Анар жимсний модны арчилгаа  

  • Ургамлын тусгай “Фито” эсвэл ердийн өдрийн гэрэлтэй чийдэнгээр тогтмол өдөр бүр нэмэлт гэрэлтүүлэг өгч байх;
  • Агаар чийгшүүлэгч тогтмол ажиллуулж агаарын чийгшэлтийг ихэсгэх; 2 болон 7 сард жилдээ 1-2 удаа шилжүүлэн суулгалт хийж байх.
  • Шинэ сав нь хуучнаасаа 3-5 см том байх бөгөөд хөрс шинээр бэлдэж хийнэ. Хөрсөнд навчин, ширгэн хөрс, ялзмаг, малын бууц хольж болно. Хэрэв энэ бүгдийг цуглуулах хэцүү бол жирийн сийрэг тэжээллэг хөрсийг адууны хомоолтой ¼ харьцаатай авч хэрэглэж болно.
  • Хөрсөө ариутгаарай. Хөрсийг жилдээ 2 удаа шинэчилж байгаа ч 2 сараас 9 сар хүртэл тогтмол бордоо өгч байх хэрэгтэй. Шинэ хөрсөнд 2-5 сар хэрэглэх тэжээл байдаг, зуны “ургалт үед” энэ багадна. Органик болон минерал бордоог ээлжилж хэрэглэх нь дээр.
  • Минерал бордооны комплексыг усаар сайн шингэлж (1 литр усанд 1—2 г бордоо) хэрэглэвэл үндэс түлэгдэхгүй. 10-14 хоноод органик бордоо хэрэглэнэ. Органик бордоонд тусгай бэлэн бэлдмэл дэлгүүрээс авсан нь дээр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *