Улаанбаатарын замуудад ус зайлуулах шугам суурилуулахад 180 тэрбум төгрөг шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Улаанбаатарын замуудад ус зайлуулах шугам суурилуулах ажлын талаар “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгсөн байна.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 1,100 км авто замыг сайжруулан ус зайлуулах шугам, сүлжээ тавихад 180 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ төсвийг шийдчихвэл Улаанбаатар хотын замууд усны асуудалгүй болно. Энэ жил бид 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ус зайлуулах, шугам хоолой дээр тавьсан. Өөрөөр хэлбэл өмнө тавигдсан замууддаа ус зайлуулах шугам сүлжээ хийгээд явж байгаа гэсэн үг.

1960 онд Улаанбаатар хотод үерийн уснаас зайлуулах гурван коллектор баригдсан. Түүнээс хойш засвар, шинэчлэлтийн ажлыг хийгээгүй л яваа. 60 жил ажилласан үерийн хоолойны труба, жалга судаг нь ямар байх вэ гэдэг ойлгомжтой” гэжээ.

Нийслэлээс өгч буй мэдээллээр 2020 онд Улаанбаатар хотод авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл, засвар, шинэчлэлтийн 15 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнд:

дөрөвдүгээр төв коллекторын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэл 85 хувийн гүйцэтгэлтэй, шороогоор байсан даланг бетонон болгох ажил хийгдэж байна,

гуравдугаар коллекторын шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна,

Монелын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил шүүрт худаг болон шугам угсралтын ажлууд 75 хувийн гүйцэтгэлтэй,
Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболтын ажил зураг төслийн шатандаа тус тус үргэлжлэн хийгдэж байна. Нийт ажлын явц 68 хувьтай явж байна гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *