Ерөнхий сайдын нэрэмжит 1-1.2 сая төгрөгийн тэтгэлгийг 70 оюутанд олгоно

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын хавсралтыг дараах холбоосоос харна уу.

http://legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882

Мэдүүлгийн загварыг дараах холбоосоос татаж авна уу.

http://legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882

Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

1.2.1. хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;

1.2.2. нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;

1.2.3. суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;

1.2.4. монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.

1.3. Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

1.3.1. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;

1.3.2. сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;

1.3.3. монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;

1.3.4. суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;

1.4. Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох  1.200.000 төгрөг олгоно.

1.5. Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000  төгрөг олгоно.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *